ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД АЖИЛЛАЖ БУЙ ЭМЭГТЭЙ УДИРДЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА, МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ, БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЭХ “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ” БОЛЛОО
Засгийн газрын томилогдох албан тушаалд нийт 3 сайд, 2 дэд сайд, 5 төрийн нарийн бичгийн дарга, 7 агентлагийн дарга, нийслэл, дүүргийн 8 ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогчийн албан тушаалд 30 эмэгтэй (2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар) ажиллаж байгаа бөгөөд эдгээр эмэгтэйчүүдийн манлайлал, хамтын ажиллагааг дэмжих, салбар, байгууллагадаа гаргаж буй сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр санал солилцох зорилго бүхий анхны уулзалтыг зохион байгууллаа. Түүнчлэн ЖҮХ-ны гишүүн ХЭҮК-ын дарга, ТАЗ-ийн эмэгтэй гишүүнийг урьсан болно.
Өглөөний уулзалтыг Монгол Улсын Ерөнхий сайдын жендэрийн асуудлыг хамаарч буй зөвлөх Ч.Болортуяа нээж, Ажлын албаны дарга Т.Энхбаяр чиглүүллээ. Уулзалтаар шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хэрхэн хангагдаж ирсэн талаарх болон УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг /2012-2023/ -ийн хийсэн ажлын дүн шинжилгээний тайланг танилцуулахын сацуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, ТАЗ-ийн гишүүн Ц.Амартөгс, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн нар тодорхой асуудлаар хамтран ажиллаж үр дүн гаргах, төрийн албан хаагч эмэгтэйчүүдийг удирдах түвшинд ажиллахад анхан шатнаас нь үе шаттай хэрхэн бэлтгэх талаар бодлогын асуудлуудыг хөндөж, санал туршлагаа хуваалцлаа.
Төгсгөлд нь, ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр: Парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллахын сацуу Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан Засгийн газрын гишүүн, яамны Дэд сайд, ТНБД, Агентлагийн дарга, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга, Орлогч дарга, ИТХ-ын хурлын дарга, түүнчлэн төрийн болон төрийн өмчийн оролцоотой бүхий л байгууллагын удирдах түвшинд хүйсийн тэнцвэрт байдлыг хангуулах чиг үүргийн хэрэгжилтийг хуулиар хариуцан ажиллаж буй байгууллагуудтай хамтран ажиллахыг тэмдэглэж, өнөөдөр эдгээр албан тушаалд томилогдон ажиллаж буй эмэгтэйчүүддээ ажлын өндөр амжилт хүсэхийн сацуу бие биенээ дэмжиж, сайн туршлагаа хуваалцаж, монгол хүний амьдралын чанарт ахиц гаргаж ажиллахыг уриаллаа.