“ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ЦАГ” АРВАН ГУРАВ ДАХЬ УДААГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас санаачлан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/-г хэрэгжүүлэх, Хорооны гишүүдийн хамтын ажиллагааг дэмжих, харилцан мэдээлэл солилцох зорилго бүхий “Хорооны гишүүний цаг” “ТОГТМОЛ” уулзалтыг зохион байгуулж байгаа билээ.
Ээлжит цахим уулзалт 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдаж, Нийслэлийн засаг даргын орлогч О.Номинчимэг: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын жендэрийн статистик үзүүлэлт, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр 2023 онд төлөвлөсөн нийт 6 зорилт, 21 арга хэмжээний үр дүнгийн талаар мэдээлэл танилцуулж, Нийслэлийн хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт хийхэд анхаарч ажиллаж буйг онцолсон юм.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр: “Эмэгтэй, эрэгтэй хүмүүст үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн салбарт баримталж буй жендэрийн стратеги, бодлогын талаар танилцуулж, жендэрийн мэдрэмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхыг системтэйгээр бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна” гэв. Эрт илрүүлэгт нийт 1,268,909 иргэн хамрагдсанаас 711,675 эмэгтэй, 557,234 эрэгтэй байна.
Танилцуулгатай холбогдуулан Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч Д.Сүхжаргалмаа : Хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарын жендэрийн статистик үзүүлэлтийн нэгдсэн мэдээлэл байдаг эсэх, мөн Улаанбаатар хот нь бусад орны нийслэл, хотуудтай харьцуулахад жендэрийн үзүүлэлтээрээ ямар түвшинд байгаа талаар 2 илтгэгчээс асуулт асууж хариулт авсан бол Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа: Нэг цэгийн үйлчилгээ, түр хамгаалах байрны төсвийн талаар асуулт асууж, тус төвийн жендэрийн үндэсний сургагч багш нараар дамжуулан эрүүл мэндийн салбартай хамтарч ажиллах боломжтойг илэрхийллээ.