“ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙН МАНЛАЙЛАГЧИД” ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-12-05
Дэлхийн эдийн засгийн форумаас 2006 оноос хойш жил бүр тооцож гаргаж буй Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлт /индекс/-ээр Монгол Улс 2023 онд 146 улсаас 80 дугаарт эрэмбэлэгдэж байгаа нь эмэгтэйчүүдийн парламент дахь оролцоо нөлөөлсөн байна. Монгол Улсын Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо 17.1 хувь байгаа нь дэлхийн дунджаас 9.2 хувиар бага байна.
Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд дэлхий нийтийн амлалтуудаа дагаж мөрдөх, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээж байгаагийн дотор НҮБ-ын Эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц болон Бээжингийн Тунхаглал ба Үйл ажиллагааны хөтөлбөр нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, улс төрийн үйл явцад жендэрийн тэгш байдлыг бий болгох талаарх үүрэг, амлалтыг агуулдаг.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог бодитоор дэмжих алхам нь Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт байсан бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар баталсан. Улс төр, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг арилгах, төрийн бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдалд эерэг нөлөөтэй сонгуулийн тогтолцоо бүрдүүлэх, хууль тогтоомжийн чанарыг сайжруулах, шийдвэр гаргах түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг хангах шаардлагыг харгалзан Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог мажоритар болон пропорциональ хосолсон тогтолцоогоор явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж, нэр дэвшигчдийн жендэрийн квотыг 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй байхаар хуульчилсан.
Дараагийн чухал алхам нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар батлагдсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад намын бүтэц зохион байгуулалтыг дэлхийн чиг хандлага, дотоод ардчилал, хүний эрх, жендэрийн тэгш эрхийг хангах зарчмуудын дагуу уян хатан бүтэцтэй, хүний эрхийг дээдэлсэн, гишүүдийн оролцоо, эмэгтэйчүүд, залуучууд, ахмад үе, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн сонирхлын бүлгүүдийн оролцоог дэмжсэн, бодлогын нам болж ажиллах асуудлыг шинээр тусгасан юм.
Эдгээр хууль эрх зүйн шинэчлэлийг тэмдэглэн үлдээх санаачилгыг Жендэрийн үндэсний хороо, Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ, Мэдрэмжтэй мэдээлье хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн хөдөлгөөний зүгээс гаргаж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулав.
Тус арга хэмжээг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Жендэрийн үндэсний хорооны орлогч дарга Д.Амарбаясгалан нээж, Монгол Улсын Их Хурлын даргын мэндчилгээг Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа хүргэж, Улсын Их хурлын гишүүд, УИХ-ын байнгын хороод, “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах улс төрийн намын амлалт”-ыг дэмжиж гарын үсэг зурсан 14 намын төлөөлөл, УИХ-д сонгогдон ажиллаж байсан эмэгтэйчүүд, дээрх хуулиудын ажлын хэсэгт ажилласан эрдэмтэн судлаачид болон төр, төрийн бус, иргэний байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Үргэлжлүүлэн Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн хөтөлбөр хариуцсан менежер, доктор З.Энхбаяр “УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн үйл ажиллагаа, санаачилсан хууль (2012-2023)-д дүн шинжилгээ хийсэн эмхэтгэл”-ийг танилцууллаа.
Монгол төрийн ой санамжид тодоор бичигдэх, энэхүү үйл хэргийг дэмжиж, хамтран зүтгэсэн бүхий л талуудын нөр их хөдөлмөр, сэтгэлийн хүчээр бий болсныг тэмдэглэн Жендэрийн мэдрэмжтэй эрх зүйн шинэчлэлийн манлайлагчаар өргөмжлөн талархал гардуулсан юм.

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency