“ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ЦАГ” АРВАН ХОЁР ДАХЬ УДААГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-12-05
Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас санаачлан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/-г хэрэгжүүлэх, Хорооны гишүүдийн хамтын ажиллагааг дэмжих, харилцан мэдээлэл солилцох зорилго бүхий “Хорооны гишүүний цаг” “ТОГТМОЛ” уулзалтыг зохион байгуулж байна.
Ээлжит цахим уулзалт 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдаж, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж, Төрийн албаны сургалтын 62 хичээлийн агуулгад жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлсэн бөгөөд албан тушаалын сургалтад оролцогчдын албан тушаалын түвшин ахих тусам эмэгтэйчүүдийн эзлэх хувь буурч байгааг онцолсон юм. Мөн Төрийн албан хаагчдад зориулсан цахим сургалтын модулийн Ахисан түвшний жендэрийн дүн шинжилгээ, Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт сургалтад нийт 11,831 албан хаагч хамрагдсаны 77,8% нь эмэгтэй, 22,1% нь эрэгтэй байна.
Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Жаргалан: Тус холбооны 2023 оны онцлох үйл ажиллагаа, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулж, Ардчилсан намаас Улсын Их Хуралд суудал хадгалах квотыг хэрэгжүүлэх, хүйсийн квотын доод түвшин 40% байх, Жендэрийн мэдрэмжтэй мөрийн хөтөлбөр боловсруулахад анхаарч ажиллаж байгаа бөгөөд Хорооны гишүүдийн дэмжлэг, оролцоо, хамтын ажиллагаа чухал байгааг илэрхийллээ.
Танилцуулгатай холбогдуулан Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа, Монфемнет үндэсний сүлжээний зохицуулагч Д.Энхжаргал, Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч Д.Сүхжаргалмаа нар асуулт асууж, санал хэллээ.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency