УВС АЙМГИЙН БӨХМӨРӨН СУМЫН САЙН ТУРШЛАГА

2020-06-02

Увс аймгийн хувьд “Залуу малчин өрхийн бага насны хүүхдийн боловсролыг жендэрийн мэдрэмжтэй арга зүйгээр дэмжих” үйл ажиллагааг 2008 онд анх санаачлан багш, ажилчдын дотоод нөөц бололцоонд тулгуурлан “Хүүхэд хамгааллын хөтөлбөр”-ийн хүрээнд сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд “Эцэг эхийн өрөө” буюу 6 настай хүүхдийг сургуулийн орчинд дасгах ажлыг зохион байгуулж, 2014 оноос албан ёсны эцэг эхийн тусгайлсан өрөөтэй болсон.
Энэ нь Монгол Улсын өнөөгийн нийгмийн нэг том тулгамдсан асуудлыг шийдэхээр зорьж, гарц зам хайж байгаа тус сургуулийн хамт олны зөв шийдэл юм. 6 настай хүүхдээ дагаад малчин өрхийн гишүүд хоёр тусдаа амьдрах шаардлага бий болсноос үүдэн гэр бүлийн дотоод асуудал буюу ээж нь сумын төвд гэр барьж амьдарч хүүхдээ хичээл сургуульд нь явуулах, нөхөр нь хөдөө ганцаараа малаа маллах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдалтай тулгарч байсан. Энэ нь яах аргагүй хүүхдээ сургуульд сургах гэсэн зорилгоос үүдэлтэй.
Иймд зургаан настангуудын аав ээж болох залуу малчид маань энэ санаачлагыг маш таатай хүлээн авч, дэмжиж хүүхэд багачуудтайгаа хамтран ажиллаж байна. Эцэг эхийн өрөөтэй болсноор хэн нэгэн нь сумын төвд гэр бариад эсвэл байр түрээслээд тусдаа амьдрах шаардлагагүй болсон байна. Харин одоо гэр бүлүүд тусдаа амьдарч малчин өрхийн ажиллах хүч хоёр хуваагдахгүй, хүүхэддээ санаа зовохооргүй болсон. Бөхмөрөн сум эдгээр амжилтуудаараа 2018 онд Монгол Улсын тэргүүний сумаар шалгарсан.
Эцэг эх, асран хамгаалагч нар дан ганц хүүхдүүдтэйгээ хамт байгаад зогсохгүй хичээл сургалтын үйл ажиллагаанд оролцож, өөрийн хамгийн сайн чадах зүйлээ сурагчдад ярьж хэлж, зааж сургадаг. Сурагчидтай уулзах, ярилцах, сургалт зөвлөгөө өгөх нөхцөл боломжийг сургуулийнг захиргаанаас зохицуулж өгдөг. 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл 170 эцэг эх, асран хамгаалагч “Эцэг эх”-ийн өрөөгөөр үйлчлүүлж, хүүхдээ эрдэм ном сурах үйлсэд дасгаж сургуулийн захиргаатай хамтран ажилласан байна. Мөн Бөхмөрөн сумын энэхүү сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх ажлыг Увс аймгийн 18 сумын Засаг даргын тамгын газарт албан бичгээр хүргүүлж, сурталчилж ажиллах чиглэлийг өгсөн.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency